Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн хаягжуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн нэгдсэн системд оруулах бодит ажил өнөөдрөөс Чингэлтэй дүүргээс албан ёсоор эхэлж байна.
Энэхүү шинэчлэл нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын 8 хүртэлх сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2026–2029 онд хэрэгжих “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийгдэж байгаа юм.
Төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон Монгол Улсын Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар хамтран хэрэгжүүлж байна. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд БНСУ-ын талтай хамтран “Хаягжуулалтын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд олон улсын зөвлөмжийг тусгаж, төрийн 26 байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулжээ.


Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаар 7–24 дүгээр хороодын нийт 2,968 гудамжийг нэршүүлэхээр баталсны дагуу өнөөдөр 21 дүгээр хорооны 120 гудамжны нэрийг стандартад нийцүүлэн нэгдсэн системд бүртгэж, тус хороонд хаягжуулалтын албан ёсны нээлтийг хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга С.Тэнгис, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны дэд сайд Ким Мин Жэ, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, БНСУ-ын Газар, геоматик корпорацийн ерөнхийлөгч О Мён Со, KOICA-ийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын дарга Жо Хэн Ран, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай болон Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул тэргүүтэй төлөөлөгчид оролцож, газар дээрх хаягжуулалтын бодит нөхцөл байдалтай танилцсан юм.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр улсын хэмжээнд хаягийн давхардал арилж, үнэн зөв мэдээллийн нэгдсэн тогтолоцоо бүрдэх юм. Үүний үр дүнд төрийн цахим үйлчилгээ боловсронгуй болоод зогсохгүй яаралтай түргэн тусламж, онцгй байдал, шуудан хүргэлт, такси үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал мэдэгдэхүйц сайжрна.


